Буцах

ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДСАН СУРАЛЦАГЧДАД ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА

Гамшгаас хамгаалах тухай хууль, Засгийн газрын 2020 оны 190 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам”-ын хэрэгжилтийг хангах хүрээнд ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс “Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх cургалт”-ыг энэ сарын 01-14-ний өдрүүдэд зохион байгуулж, сургалтад хамрагдсан ажилтнуудад гэрчилгээ гардууллаа.

Тус сургалтын хүрээнд доктор (Ph.D), дэд профессор, профессор зэрэгтэй 14 багш, магистр зэрэгтэй 5 багш гамшгийн төрөл тус бүр дээр танхимын 70 цагийн хичээл орж, гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх мэдлэгийг олгосон юм.

Сургалтад иргэн, аж ахуй нэгж байгууллагын 45 суралцагч хамрагдсан бөгөөд суралцагчид онолын мэдлэгээ бататгах хүрээнд үйлдвэрлэлийн дадлага ажлыг "Сейф трэк" ХХК-ийн  объектод гүйцэтгэж, тус объектыг гамшгийн 8 төрлөөр үнэлж, тайлагналаа.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг хэлсэн үгэндээ " Дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаа болон байгалийн гаралтай аюулт үзэгдэл нэмэгдэж байна. Тиймээс аливаа эрсдэлийг үнэлэх, түүнээс урьдчилан сэргийлэх нь үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулах ач холбогдолтой юм. Та бүхэн өнөөдөр энэ чиглэлээр мэргэшиж, гэрчилгээгээ гардан авлаа. Цаашид мэргэжлийн ёс зүйтэй, мэргэшсэн байдлаар ажиллаж, үүрэг, хариуцлагаа өндөр түвшинд хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна" гэлээ.

https://nema.gov.mn/post/174177

April 16, 2026
Үйл явдал
Нийгмийн хариуцлага