Буцах

"Номин Холдинг" ХХК Батсүмбэр суманд Бага сургууль байгуулна

"Номин Холдинг" ХХК -аас Боловсролын яам болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамтарсан “Багийн бага сургууль” санаачилгыг дэмжин, өнөөдөр тус төслийг хэрэгжүүлэн санхүүжүүлэх гэрээг үзэглэлээ.

Тус санхүүжилт бүхий бага сургуулийг Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багт 75 хүүхдийн бага сургууль барьж байгуулах бөгөөд "Номин Холдинг" ХХК, Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн Сан, Төв аймгийн төлөөлөл удирдлагуудын хамтаар гэрээг үзэглэлээ.

“Номин Холдинг” Групп компани нь 6 багц бизнесийн чиглэлд нийт 40 гаруй салбар нэгж компаниудынхаа бүхий л үйл ажиллагаагаар дамжуулан бүс нутгийн хөгжлийг дэмжин ажилласаар ирсэн. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар татвар ногдох орлогоосоо 1%-ийг Нийгмийн сайн сайхны төлөөх ажилд зарцуулах боломж бүрдсэнийг бид талархан хүлээн авч, “Багийн бага сургууль” санаачилгад нэгдэж байгаадаа нийт Номинчууд бид бүхэн баяртай байна” хэмээн "Номин Холдинг" ХХК -ийн Гүйцэтгэх захирал Я.Наваан онцолсон юм.

Тус "Багийн бага сургууль" санаачилга нь алслагдсан орон нутгийн хүүхдүүдэд чанартай боловсрол хүргэх Боловсролын яамны тэргүүлэх чиглэлтэй нийцсэн томоохон алхам гэдгийг Боловсролын яамны Ерөнхий боловсролын газрын дарга М.Цогзолмаа мөн илэрхийлэв.

Төв аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг хэлэхдээ: "Энэхүү санаачилгыг тогтвортой хэрэгжүүлэхэд орон нутгийн хамтын ажиллагаа, уялдаа холбоог бүрэн хангаж ажиллана” гэлээ.

Батсүмбэр сумын 500 гаруй өрхийн хүүхэд багачууд хичээлдээ явахдаа өдөр бүр дор хаяж 7 километр замыг туулдаг. Тус сургууль баригдсанаар бага ангийн хүүхдүүд гэртээ ойр чанартай боловсролын үйлчилгээнд хамрагдаж, жаргалтай суралцах боломж бүрдэх юм.

"Номин Холдинг" ХХК -ийн зүгээс нийт Аж ахуй нэгж байгууллагуудыг “Багийн бага сургууль” санаачилгад нэгдэж, бидний ирээдүй болсон хүүхэд багачуудын амьдралд нь бодит хөрөнгө оруулалт, өөрчлөлт авчрах, дэмжихийг уриалж байна.

Дэлгэрэнгүй: https://baghschool.edu.mn

"Номин Холдинг" ХХК

2025.09.02