Буцах

“Номин Холдинг” ХХК “Entrepreneur-2025”-аас Оны шилдэг аж ахуйн нэгжээр шалгарлаа

Монгол Улсын бизнес, хувийн хэвшлийн шилдгүүдийг тодруулдаг “Entrepreneur-2025” арга хэмжээнээс “Номин Холдинг” ХХК нь “Оны шилдэг аж ахуйн нэгж” байгууллагаар шалгарлаа.

2025 онд “Номин Холдинг” ХХК нь улсын төсөвт 148.5 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, дотоод гадаадын 10,000 гаруй түнш, харилцагчтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. Тус компани Монгол Улсын импортын зах зээлийн 4.3 хувийг бүрдүүлж, давхардсан тоогоор 33 сая гаруй хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлжээ.

Идэвхтэй бизнесийн үйл ажиллагааны үр дүнд борлуулалтын орлого 20 хувь, татварын төлбөр 15 хувиар тус тус өссөн нь компанийн тогтвортой өсөлтийг илтгэж байна.

Мөн 2025 онд 40 технологийн систем, 84 модулийг амжилттай нэвтрүүлж, 1.5 сая Loyalty гишүүн, 380,000 м² үйлчилгээний талбай, 250,000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн, 8,000 гаруй ханган нийлүүлэгчтэйгээр үйл ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлэн ажиллаж байна.

Орон нутгийн хөгжилд чиглэсэн бодлогын хүрээнд Архангай аймагт 1,219 м², Баянхонгор аймагт нийт 3,569 м² талбайтай агуулах салбаруудыг шинээр нээжээ. Мөн охин компани “Номин Юнайтед” ХХК-аар дамжуулан 19 салбарт санхүүгийн хүртээмжийг тэлж, хэрэглэгчдэдээ илүү ойртон ажиллаж байна.

Түүнчлэн 2025 онд нисэх хүчний салбарт шинээр бизнес эхлүүлж, АНУ-ын ROBINSON, Канадын BELL, Германы AUTOGYRO брэндийн нисдэг тэрэгний албан ёсны борлуулагчаар ажиллан, олон улсын нислэг, онцгой байдлын үйлчилгээ, нисгэгчийн сургалтын цогц шийдлийг Монгол Улсад нэвтрүүлсэн нь онцлох амжилт боллоо.

ҮСалбарын хөгжилд хувь нэмэр оруулах хүрээнд үл хөдлөх хөрөнгийн салбарт Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд 60 хувийн ногоон байгууламжтай, 492 айлын, 55,000 м² үйлчилгээний талбайтай “Silk Road” төслийг хэрэгжүүлж, орчин үеийн, тогтвортой амьдрах орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Нийгмийн хариуцлагын хүрээнд НҮБ-ын Хүүхдийн Сан, Боловсролын яамтай хамтран Төв аймгийн Батсүмбэр суманд 75 хүүхдийн сургууль шинээр байгуулж, “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтран 100 хүүхдэд боловсрол, хөгжлийн дэмжлэг үзүүлжээ.

“Номин Холдинг” ХХК нь тогтвортой хөгжил, инновац, нийгмийн хариуцлагыг бизнесийнхээ үндсэн чиглэл болгон, Монгол Улсын эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулсаар байна.