Буцах

Хамгийн сайн сургууль бол гэртэй ойр сургууль

Хамгийн сайн сургууль бол гэртэй ойр сургууль

Монгол улсын алслагдсан 111 багт 2-5 насны 13,632 хүүхэд, 6-10 насны 17,740 хүүхэд сургуулийн өмнөх болон сургуулийн бага боловсрол эзэмших боломжгүй, 12,480 хүүхэд удаан хугацаанд гэрээсээ хол дотуур байранд сууж, чанартай орчинд хичээл номоо уншиж судлах хэрэгцээ шаардлага байсаар байна.

Боловсролд хөрөнгө оруулагч Номингийнхон...

Энэхүү асуудлыг шийдвэрлэхээр “Нэг баг, нэг сургууль” төслийг Боловсролын яам болон НҮБ-ын Хүүхдийн сан санаачилж, Номин Холдинг ХХК санхүүжүүллээ.

“Энэ санаачилгыг бодит ажил болгоход хувийн хэвшлийн оролцоо нэн чухал. Төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын 3 талт түншлэл Монголын хүүхдүүдэд урт хугацааны боломж нээж байна. Ирэх жил илүү олон багт ижил төстэй сургуулиудыг байгуулахаар ажиллаж байна”
Эваристе Коуасси Комлан (НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч)

Уг төсөл нь 2027 оны төгсгөл гэхэд бүрэн  хэрэгжсэнээр, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлж, хязгаарлагдмал хөдөөгийн багт амьдардаг 31,371 хүүхдийг гэр бүлтэйгээ ойр, баяр хөөртэй суралцах боломжийг бүрдүүлэх төдийгүй эрүүл саруул, эрч хүчтэй, тэсвэр хатуужилтай хөдөө орон нутгийн иргэдийг төлөвшүүлэх юм.

“Хүүхэд хаана амьдарч байгаагаас үл хамааран чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлэх нь Боловсролын бодлогын нэн тэргүүний зорилт. Багийн бага сургууль нь энэ зорилтыг хэрэгжүүлэх тогтвортой, бодит шийдэл болж байна”
П.Наранбаяр (Боловсролын сайд)

“Нэг баг, нэг сургууль” төслийн хүрээнд 2025 оны 12 сарын 09-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-өндөр багт, хичээлийн 3 танхим, тоглоомын талбай, номын сан, амрах талбай, цэвэр усны гүний худаг, ахуйн бохир усыг цэвэрлэх байгууламж, 40 кВт-ын нарны эрчим хүчний үүсгүүртэй, 75 хүүхдийн цоо шинэ сургуулийг нээлээ. Энэхүү 3 талын хамтрал, хувийн хэвшлийн байгууллага нийгмийн хөгжил, ирээдүй хойч үедээ өндөр хувь нэмэр оруулж түүчээллээ.

Боловсрол бол улс орны хөгжлийн үндэс юм. Энэхүү бүтээн байгуулалт нь Монголын хувийн хэвшлийн нийгмийн хариуцлагын бодит хөрөнгө оруулалт, тод жишээ юм.
А.Шагдарсүрэн (“Номин Холдинг” ХХК-ийг Үүсгэн байгуулагч)