“Номин Холдинг” ХХК үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн монголын ирээдүй болсон залуу үеийнхэнд хандсан, тэднийг дэмжсэн олон томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлснээр, гаргасан үр дүн амжилтууд нэлээдгүй байдаг. Энэ жилийн хувьд манай компани оюутан залууст хандсан томоохон ажлуудыг хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Үүний нэгэн хэсэг болгож өнөөдөр МУИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Энэхүү хамтын ажиллагааны санамж бичигт “Номин Холдинг” ХХК талаас Хүний нөөц бодлогын газрын захирал Б.Оюунболор, "Номин Агуулах Худалдаа"-ны сүлжээний гүйцэтгэх захирал Т.Ариунтуяа нар," Монгол Улсын Их Сургууль" -ийг төлөөлөн Төлөвлөлт, хөрөнгө оруулалт эрхэлсэн проректор Б.Даваасүрэн, Санхүү бүртгэлийн газрын дарга Н.Халиун нар хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны санамж бичгийн гол зорилго нь:
Монгол Улсын нийгэм, эдийн засагт тулгамдсан асуудлуудыг хамтын оролцоотойгоор шийдвэрлэх, ирээдүйн чадварлаг боловсон хүчин бэлтгэх, оюутан залуусыг дэмжиж, ажлын байранд суурилсан сургалт, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, цаашид “Номин Холдинг” ХХК, түүний нэгдэлд багтах хуулийн этгээдүүд, салбар нэгжүүдэд ажиллах боломжоор хангах, харилцан туслалцаж, үр ашигтай хамтран ажиллах, төсөл хөтөлбөр, судалгаа, үйлчилгээг тус тус хамтран хэрэгжүүлэхэд оршино.
Тус хамтын ажиллагаа 3 жилийн хугацаатай байх бөгөөд энэ хугацаанд манай 2 байгууллагуудын харилцаа улам бүр өргөжин тэлж, оюутан залуус, төгсөгчдийг дэмжсэн Сургалт судалгаа, Боловсрол болон хүний нөөцийг чадавхжуулах, Санхүү худалдан авалт болон бусад хамтын ажиллагааны цар хүрээтэйгээр томоохон ажлуудыг хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулж, амжилттай хийж хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.