Буцах

Номин Холдинг ХХК-ийн 30 жилийн ой энэ онд тохиож байна

Монголын худалдааны салбарын шилдэг аж ахуй нэгж, 100 хувь үндэсний хөрөнгө оруулалттай, алтан гадас одонт НОМИН Холдинг ХХК үүсэн байгуулагдаж улсын төсвийн тодорхой хувийг бүрдүүлэн улс эх орны нийгэм эдийн засаг, худалдаа үйлчилгээ, бизнесийн салбарын хөгжил дэвшилд бодитой хувь нэмрээ оруулж ирсний тэгш дүүрэн 30 жилийн ой энэ онд тохиож байна.

Хагас жарны туршид хамтдаа хөгжин дэвшиж ирсэн гадаад дотоодын 10,000 итгэлт харилцагч түншүүд, 6000 ажилтан албан хаагчидтайгаа итгэл дүүрэн түүхэн ойн баяраа тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм. Өнгөрсөн зуны үндэсний их баяр наадмын бахархалт өдрүүдээр 5 тивийн 30 улс орны 300 гаруй гадаадын ханган нийлүүлэгч, харилцагч түншүүдээ урин залж, Монгол орны үзэсгэлэнт байгаль, урлагийн үнэт зүйлс, түүх соёл гайхамшигт өв, нүүдэлчин ахуйн соёлоо сурталчилж танилцуулангаа  цааш цаашдын урт хугацааны бизнесийн амжилтын түүхээ хамтдаа цогцлоох, бизнесийн алсын хараагаа хамтдаа тодорхойлсон халуун дулаан нөхөрсөг өдрүүдийг зохион байгуулж, гадаад харилцагч түншүүдээ хүлээн авч түүхэн ойн баяраа хуваалцсан бол бид энэ удаа  дотоодын ханган нийлүүлэгчид, ТОП харилцагч түншүүдээ хүлээн авч, 12 сарын 08-ны өдөр Монгол улсын ууган УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР-тээ талархал хүндэтгэлийн баярыг хийж нэгэн оройг баяр бахдал дүүрэн өнгөрүүллээ.

Шинэ үеийн шилдэг хэв маягийг тодорхойлох Номинчуудын эрхэм зорилгыг хамтдаа цогцлооход хувь нэмрээ оруулж эд эс нь болж, үргэлжид дэмжин ажилладаг бизнесийн үнэнч харилцагч түншүүд, ажилтан албан хаагчдадаа дараагийн жарны хамтын амжилтыг ерөөн, НОМИН Холдинг ХХК-ийн үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн баярын мэндийг дахин дэвшүүлье.

 

АЛТАН ГАДАС ОДОНТ

НОМИН ХОЛДИНГ ХХК

2022.12.10