Буцах

Номин Холдинг ХХК нь "21 аймаг 21 брэнд" хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ

Номин Холдинг ХХК нь 30 жилийнхээ ойг тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийгээ дэмжиж, борлуулалтыг идэвхжүүлэх, тэдний бизнесийг эрчимжүүлэх зорилгоор "21 аймаг 21 брэнд" хөтөлбөрийг Жижиг Дунд Үйлдвэрийн Газартай хамтран амжилттай зохион байгууллаа.

Энэхүү хөтөлбөрт оролцохоор бүртгүүлсэн 100 орчим ЖДҮ эрхлэгчдийг ямар нэгэн сонгон шалгаруулалтгүй үзэсгэлэн худалдаанд оролцохыг урьсан билээ. Үүнээс 72 ЖДҮ эрхлэгч байгууллагууд 9-р сарын 23-25 хооронд "21 аймаг 21 брэнд" үзэсгэлэнд оролцож бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд сурталчилан шууд борлуулалтыг хийн хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүнээ танилцуулж ажиллаа.

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгардаг олон асуудлуудын нэг нь бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн дараа борлуулах газар олох, найдвартай түнш хайх гэх мэт цаг хугацааны хувьд ч бэрхшээлтэй байдаг асуудлууд бий. Хөтөлбөрийн дагуу эдгээр шалгарсан ЖДҮ эрхлэгчидтэй НОМИН сүлжээ дэлгүүрийн ханган нийлүүлэлтийн менежерүүд нээлттэй уулзаж, бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх гэрээ хийн хөтөлбөрийг амжилттай хаалаа. Өөрөөр хэлбэл энэхүү хөтөлбөрт бүртгүүлж, нэгдсэн үзэсгэлэнд оролцсон ЖДҮ эрхлэгчид бүгдээрээ Номин сүлжээ дэлгүүрийн ханган нийлүүлэгчид болсон юм.

Нийт хөтөлбөрт оролцсон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэдээ ажлын өндөр амжилт хүсэн талархал илэрхийлье.

АЛТАН ГАДАС ОДОНТ

НОМИН ХОЛДИНГ ХХК

2022.09.27