Буцах

“Тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийг дэмжих нь”, “Англи хэлийг нэмэлт хэл болгон заах нь” сэдэвт сургалтууд зохион байгууллаа

"НОМИН Холдинг ХХК"-с #хүүхэд_бүрд_тэгш_боломж_олгоё хөтөлбөрийн хүрээнд СХД-ийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Дэлхийн Зөн ОУБ, дүүргийн 65 дугаар сургуультай хамтран “Тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийг дэмжих нь”, “Англи хэлийг нэмэлт хэл болгон заах нь” сэдэвт сургалтууд зохион байгууллаа.

Тус сургалтад урилгаар Австрали улсаас боловсролын салбарт 30 гаруй жил ажилласан туршлагатай, заах арга зүйн олон улсын Тесол гэрчилгээ эзэмшсэн, Боловсролын бакалавр зэрэгтэй багш Трэси Хоук болон түүний баг бүрэлдэхүүн хамт олон ирж оролцлоо.

Сургалтад тус дүүргийн 27 сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг анги удирдсан багш нар болон 43 хорооны эцэг эхийн төлөөлөл болсон нийт 180 гаруй иргэд хамрагдсан. Сургалтаар “Тусгай хэрэгцээт хүүхэдтэй ажиллах арга зүй, тэдний зан төлөвт гардаг өөрчлөлт, хөгжил, оролцоо зэрэг сэдвээр хэлэлцүүлэг хийж, багш, эцэг эх, асран хамгаалагчдаас нээлттэй асуулт хариулт болон зөвлөгөөний буланг ажиллуулсан нь эцэг эх, асран хамгаалагчдад тустай байлаа.

Түүнчлэн, хадагтай Трэси Хоук англи хэл заах арга барилыг 7-оос дээш насны хүүхэд, насанд хүрэгчдэд 20 гаруй жил зааж байгаа туршлагатай багш юм. Тэрээр дүүргийн 24 сургуулийн англи хэлний багш нарын хичээлд туслах 6 төрлийн практик арга барил хуваалцаж дадлагажуулсан нь англи хэлийг нэмэлт хэлээр суралцаж байгаа суралцагчдад дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.